Хөгжмийн боловсрол зүгээр нэг маяг биш

Хөгжим хүүхдийн хамгийн их ойлгодог хэлээр ярьдаг

Хүүхдийг  урлагаар хүмүүжүүлэх тухай хүн бүр л ярих болж. Ямар нэгэн хөгжим тоглож сургах гэж хичээж байгаа нь сайшаалтай. Үүнээс  харахад манайхан гоо зүйн болон уран сайхны өндөр мэдрэмжтэй хүмүүс гэхээсээ илүү хүмүүжлийн ач холбогдлыг нь мэддэг болсон. Харамсалтай нь сургуульд тэр боловсролыг олгох нь байтугай хөгжмийн хичээлийг хасах, дагавар дайвар хичээл мэтээр хандаж байгаа нь сургуулийн үзэмж үү, боловсролын бодлогын хэрэгжилт үү. Ер нь Монголын ирээдүй бидний хүүхдүүд муу байх нь хэнд хэрэгтэй гэж?

Хөгжим хүүхдийн хамгийн их ойлгодог хэлээр ярьдаг юм. Тиймээс та хүүхдээ сайн эдийн засагч, менежер, инженер болгох гэж байгаа бол хөгжмөөр хүмүүжүүлээрэй. 

Зөв хөгжмийг зөв үед нь зөв сонсгож, хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хайр, хүндлэлийг төлөвшүүлэх 

Надад учрыг нь олдоггүй, мөн чанарыг нь мэддэггүй маш олон зүйл байсан ч хэмнэлтэй л бол бүх зүйл амьд санагддаг байлаа. Би шоргоолж, мод, өөрийн бодож олсон хийсвэр найз Гектор Хамкокдоо байнга дуулж өгдөг байснаа санадаг юм. Аавын засварын цехэд ажиллах хөрөө, сүхний дуу нэг л онцгой чанга, хурц өнгө авиа гаргадаг байсансан. Хөгжим бол миний хүүхэд насыг залж, чиглүүлж, хөглөж байсан онцгой хүч байлаа. Аавын минь алхаа, исгэрээ, ээжийн минь хийх хоолны шажигнах чимээ, эмээгийн минь савлуур сандлын чахраа, үнэртэй усны үнэр, намайг хүрэх тоолонд цээжээ хүржигнүүлэх муурын чимээ гээд бүх юм хөгжим байсан юм.    

Хүүхэд наснаасаа хөгжимд дурлах болсон маань намайг цаашдаа мэргэжлийн хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөгжмийн багш, хөгжмийн хүнд нөлөөлөх нөлөөллийг судлах судлаач болгон бүхий л амьдралаа хөгжимтэй холбоход хүргэсэн билээ. Парисын ойролцоох Фонтайнеблюгийн Хөгжмийн дээд сургуульд Надя Вулангер гэдэг хүүтэй хамт суралцаж байхдаа, Токиогийн Гэгээн Маригийн Олон Улсын Сургуульд хөгжим, философийн хичээл зааж байхдаа, Балид хөгжимтэй холбоотой зан үйлийг үзэж байхдаа, Гаитид сүрьеэгээр өвчилсөн залууст тусалж, тэдэнд дуулж өгч байхдаа ч олон өөр соёлын хөгжмийг танин мэдэж, харьцуулж, хөгжмийн нөлөөлөх нөлөөллийг харьцуулдаг байлаа. Чикагод Гагенхеймийн Боловсролын төсөлд оролцож, Колорадогийн Булдер хотод Хөгжим, Эрүүл мэнд, Боловсролын хүрээлэнг байгуулан ажиллуулж, маш олон сургууль, боловсролын байгууллагад зөвлөгөө өгч явахдаа хэмнэл, хөг аяс болон хөгжмийн бусад талууд хүний бүтээлч ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж, оюун ухааныг хөгжүүлж, биеийг сэргээж, стрессийг тайлж, гэр бүлийг бэхжүүлдэг болохыг судалдаг байлаа. 

Дараа нь хөгжим, боловсрол, тархи, оюун ухааны талаар нэлээд хэдэн ном бичиж, хөгжмийн хүч чадлын талаар гадаад, дотоодод сургалт, семинар зохион байгуулж эхэлсэн юм. 1994 онд миний баруун тархины дор томоохон цусан бөөгнөрөл үүссэн гэсэн онош тавигдахад миний хөгжмийн нөлөөллийн тухай номлол бүр ч хувийн шинжтэй болж ирлээ. Хэрэв би хөгжим хүний бие махбодь, оюун санаанд нөлөөлж чаддаг гэж баттай итгэдэг бол тэр итгэл үнэмшлээ турших цаг ирлээ гэж бодсон. Дараагийн хэдэн сарын турш судасны цохилтыг бууруулах, амьсгаадалтыг намжаах, бодисын солилцоог зохицуулах, бие, оюун ухаандаа энергийн урсгалыг нэмэгдүүлэх, сэтгэл зовнилоо барих, өвчнөө илааршуулах зорилгоор хөгжим, дуу авиа сонсож, бясалгал хийж сурсан. Энэ бүхний эцэст цусны бөөгнөрөл алга болж, хөгжмийн нөлөөг шүтэн бишрэх миний бие “Моцартын нөлөө” хэмээх номоо бичиж уншигчдын гар дээр тавьсан билээ. 

Хөгжмийн буюу Моцартын шидэт нөлөөлөлд автсан анхны хүн нь би биш ээ. Доктор Алфред Томатис ч Моцартын хөгжим юмуу эхийнхээ дуу хоолойг байнга сонссоноор хүүхдийн сонсох, ярих, сэтгэн бодох чадвар, оюун ухаан хөгжихөд нөлөөлдөг болохыг баталж чадсан юм. Түүний судалгааны тухай аливаа мэдээлэлд хөгжмийн эерэг, хэмжиж болохуйц, ил тод нөлөөллийг баталсан судалгааны дүгнэлт байнга дагалдах болсон юм. Хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг, хүүхэд эхийн хэвлийд байхдаа анх сонссон дуугаа дараа нь таньдаг, сонсох дуртай байдаг, хөгжмийн хичээлд байнга хамрагддаг хүүхдийн оюун ухааны чадварын үнэлгээ өндөр байдаг, хагас цагийн хөгжмийн эмчилгээ хүүхдийн дархлааг сайжруулдаг, хөгжим стресс тайлж, хүүхдийн хэлний хөгжлийг түргэсгэж бага насны хүүхдийн хөдөлгөөнийг сайжруулдаг болохыг нотолсон судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг шинжлэх ухааны сэтгүүлүүд 1980, 1990-ээд оны турш олноор нийтэлж байлаа. 

Нөгөө талаас хэвлэлийн газрууд, хөгжимчид, эрдэмтэд “Хүний бие, тархины энэ ярвигтай системд хөгжим яаж нөлөөлдөг юм бэ?”, “Хөгжим яаж хүний ой тогтоолтыг нэмэгдүүлж, стрессийг тайлж, ажлын чадварыг сайжруулах вэ?”, “Хөгжим сонсож буй хүний нас, хөгжим сонссон орчин, цаг хугацаанаас шалтгаалан нөлөөлөл нь өөр байдгийн учир юу вэ?” зэрэг асуултуудыг тавьж эхэлсэн юм. 

Товчхондоо, миний бие энэ номоор хөгжмийн аргыг ашиглан таны хүүхдийн толгойг янз бүрийн мэдээллээр хэрхэн дүүргэх тухай “номлож” супер хүүхэд “бүтээх” зорилго тавиагүй билээ. Миний зорилго бол ердөө аль болох олон хүүхдэд юутай ч харьцуулшгүй хөгжмийн бэлэг өгч, тэднийг оюун ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхэд нь туслах явдал юм. 

ДОН КАМПБЕЛЛ

Хүмүүний орчлонд хөл тавих зуур

Эхийн хэвлийгээс хүйтэн, хурц, цоо шинэ ертөнцөд төрсөн таны хүүхэд морилон ирж буй энэ ертөнцөөс урьдын ертөнцтэйгээ ижил төстэй байдлыг хүлээх л байх даа. Та хүүхдийнхээ сонсож дассан, тайтгаруулах шидтэй хэмнэлийг сонсгосноор энэхүү ярвигтай шилжилтийн процессыг хөнгөвчилж чадна. Төрсний дараах эхний хэдэн долоо хоногт эхийн зүрхний цохилтын бичлэг юмуу зүрхний цохилттой төстэй хэмнэлтэй хөгжим, эсвэл төрөхөөсөө өмнө сонсож байсан намуухан сонгодог хөгжмөөс өөр хүүхдийг сайн тайвшруулах зүйл байхгүй гэдгийг олон судалгаа нотолсоор байна. 

Гүйцэд төрсөн хүүхдэд хамгийн сайн нөлөөлдөг бүхэн дутуу төрсөн болон эрчимт эмчилгээний тасагт байгаа нярайд бас хэрэгтэй байдаг. Калифорний Эрүүл Мэндийн Их Сургууль дээр явуулсан судалгаанаас үзэхэд сонгодог хөгжим сонсгосон дутуу нярайн жин хамаагүй хурдан нэмэгдэж, бүүвэйн дуу, хүүхдийн дуутай 16 минутын бичлэгийг байнга тоглуулахад дутуу төрсөн болон жин багатай төрсөн нярай хүүхдийн эмнэлэгт эмчлүүлэх хоногийн тоо дунджаар 5 өдрөөр багасчээ. Хөгжмийн тайвшруулах нөлөөний улмаас амьсгалын аппараттай байгаа нярайд тайвшруулах эмийн хэрэглээ буурч, амьсгалын замын хүндрэлтэй тохиолдлын тоо багассаныг олон судалгаанд онцолсон байна. 

Хэрэв таны хүүхдээ төрүүлж байгаа эмнэлэг, төрөх газарт хөгжим сонсгодоггүй бол та өөрөө зүрхний цохилттой төстэй хэмнэлтэй, зөөлөн, тайвшруулах нөлөөтэй хөгжмийн бичлэг бэлдэж, хүүхдээ аль болох өөртөө ойрхон байлгаж хөгжим сонсгохыг хичээгээрэй. Дараа нь энэ бүхнийг гэртээ аваачиж хүүхдийн эхний хэдэн долоо хоногийн хатуу нөхцөлийг зөөлрүүлэхэд хэрэглэнэ биз дээ.

Хэмнэлийг мэдрэхүй

Хүүхдийн оюун ухаан, дөнгөж эхэлж буй хэлний чадварыг хэрхэн өдөөж хөгжүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй ч, хүүхдийн тань биеийг хөгжүүлэхэд хөгжим чухал үүрэгтэйг байнга санаарай. “Моцартын нөлөө” номондоо би Нигерийн Ананг омгийнхны дунд уламжлалт хөгжмийн боловсролын талаар хийсэн Ховард Гарднерийн судалгааны тухай өгүүлсэн. Тэнд төрөөд дөнгөж 7 хонож байгаа хүүхэддээ ээжүүд нь хөгжим, бүжгээ “танилцуулдаг” бол аавууд нь жижиг бөмбөр “урладаг”. Хүүхдүүд 2 ой хүрмэгц дуу, хөгжим, бүжиг гэх мэт соёлын төрөл бүрийн ур чадварт суралцах бүлгүүдэд хуваагдаж, 5 настай Ананг хүүхэд хэдэн зуун дуу мэддэг, хэд хэдэн хөгжмийн зэмсэг тоглодог, бас нилээд олон тооны бүжиг, бүжгийн хөдөлгөөн сурсан байдаг. 

Сүүлийн үед манай соёлд бол хүмүүн бидний хөгжмийн мэдрэмж технологит суурилсан орчноос улам бүр хамааралтай болсоор байна. Хөгжим зохиохоос гадна бидний дийлэнх олонх нь хөгжмийг сонсож, худалдан авч, аялгуунд нь бүжиглэдэг. Хөгжимд идэвхгүй хандвал хэмнэл, цохилтыг мэдэрдэггүй, түүнд нийцэхгүй байх зэргээр бидний биеийн хөгжил, хөдөлгөөнд сөрөг нөлөөлнө. Үүнээс үүдэн бид сэтгэл санааны тайвшрал, хөгжмөөс авах сэтгэл ханамжаа алддаг бол бага насны хүүхдүүд бүр их шаналдаг. Амьд хөгжмийн хэмнэл, цохилт, ая данг мэдрээгүй хүүхэд хөдөлгөөнөө хянах, цаг хугацаа, орон зайн харьцааг мэдрэх, биеэ удирдах чадвар муутай болдог. 

Чих нь сонсох үүргээс гадна биеийн тэнцвэрийг хангах, хөдөлгөөнийг зохицуулахад туслах үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас хүүхэдтэйгээ хамт чанга дуулах, бүжиглэх, сайн ярилцах, мөн хэмнэл хөдөлгөөнтэй тоглоом тоглож байх хэрэгтэй. Дууны хэмнэл, цохилтыг хүүхэддээ мэдрүүлэх нь хамгийн чухал. Хүүхдээ төрсний дараа сайхан хөгжим сонсгонгоо нуруу, гар, хөлөн дээр нь зөөлөн тогшиж, хөгжмийн бүтэц, хэмнэлийг мэдрүүлж байхад зүгээр. Хүүхдийн дуу юм уу шүлгийг аялгуунд оруулан дуулах нь хүүхдийнхээ “бие-сэтгэлийг холбох” бас нэгэн сайхан арга. Хүүхдээ энгэртээ тэврээд, хүүхдийн дуу дуулангаа хэмнэлийг нь тохируулан нуруун дээр зөөлөн алгадах, эсвэл сандал дээр суугаад хүүхдээ өвөр дээрээ доош нь харуулж хэвтүүлээд дууны хэмнэлийн дагуу өсгийгөөрөө шал товшиж дасгаарай. Толгойгоо даадаг болсон үед нь өвөр дээрээ өөр рүүгээ харуулан суулгаад, гараас нь барин “Бороо, бороо ороорой” зэрэг энгийн хэмнэлтэй дуунд хойш, урагш, хоёр тийш нь ганхуул. Сонгодог хөгжмийн аяар найган бүжих, хөдөлгөх нь хүүхдийг хэмнэл, хөдөлгөөнд дасгах, мэдрэмжтэй болгох бас нэгэн сайн арга билээ. 

Бүжиглэн ганхах нь хүүхдэд хэмнэлийг таниулах, дасгах цорын ганц арга биш ээ. “Нэг, хоёр, миний гутлыг үдээрэй” гээд хүүхдийнхээ гэдсэн дээр зөөлөн тогших, “Ес, арав, нэг тарган тахиа” гээд зөөлөн гижигдэх, “Талхчин гуай, талхчин гуай талхаа жигнээч” гээд хүүгийнхээ гар дээр зөөлөн алгадах зэргээр хүүхдийн дуу дуулж, шүлгэнд ая оруулан дуулж хүүхэдтэйгээ тоглоход хүүхдийн бие хөгжмийн хэмнэл, цохилтод амархан дасдаг.   

Д.Амарсанаа

Эх сурвалж: www.davalgaa.mn