Хэрхэн хөгжмийн боловсролтой болох вэ?

Зөвхөн сонирхож уншихад хөгжим гэдэг түүх, зүй тогтол, систем юм гэдэг нь харагдсан. Н.Жанцанноров гуай бидэнд алтаар ч хэмжишгүй үнэтэй их зүйлийг ярьж өгсөн ч тэр бүгдийг нь нийтлэлд багтаах аргагүй. Гол нь түүний ярианаас хөгжмийн боловсролтой байхын утга учрын талаарх хэсгүүдийг нь орууллаа.

Энэ тухай Н.Жанцанноров гуайтай хэрхэн ярилцсанаа толилуулъя.

- Хөгжмийн боловсролтой байх, олох, олгох гэдэг хувь хүний асуудал юм уу, нийгмийнх үү?

 Эхлээд хөгжмийн боловсрол гэж юу вэ гэдэгт хариу өгөхийг оролдох уу. Энэ нь урлагаас ангид асуудал шүү. Урлагийн хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан хөгжмийн тухай, түүгээр дамжуулж ертөнц, амьдралын тухай ойлгол­тоо гүнзгийрүүлж болох ч тэгснээрээ хөгжмийн урлагт нэвтэрлээ гэж үзэж болохгүй юм. Зүйрлүүлье. За, энэ энгийн халбага хоол идэх хэрэглэгдэхүүн мөн үү, мөн. Харин урлаг биш. Түүнийг их гоё болгон хээ хуар тавиад, дизайн чимэглэлтэйгээр хийвэл тэр музейд очно. Хүн бүр түүгээр хоол идэхгүй. Харин музей, үзэсгэлэнгээс урлаг талаас нь харсан, биширсэн хүн худалдаж авч зөвхөн өөрөө хэрэглэж болох юм. Ингэснээр тэр ганц, ховор, үнэ цэнтэй болж байгаа юм. Яг түүн шиг хөгжмийн боловсрол гэдэг олон нийтийн хэрэг бөгөөд ард олон боловсролтой, мэдлэгтэй байхыг хичээдгийн адил болж өгвөл хүн бүр хөгжмийн боловсролтой байхыг эрмэлзэх л хэрэгтэй.

- Боловсрол гэдэг бүхэлдээ цул юм гэж үзвэл хөгжмийн боловсрол дөрөвний нэг хэсэг эмтэрхий нь гэвэл?

- Хэдэн хувь гэдгийг мэдэхгүй байна. Яах аргагүй хөгжмийн боловсрол хүний хөгжлийн салш­гүй нэг хэсэг бол мөн. Боловсрол сайтай хүн нийгэмд олон байх ямар ач холбогдолтой нь ойлгомжтой. Ер нь боловсрол гэдэг эцсийн дүнд зөв амьдрах ухаан л юм шүү дээ.

- Хөгжмийн боловсролтой хүн боловсролгүйгээс юугаараа ялгаатай вэ?

- Хөгжмийн нарийн ширийнийг мэдэрдэг, тэр мэдрэмжээ ашиглаж чаддаг хүн бусдаас арай илүү сэтгэнэ ээ дээ. Тэр хүний тархи илүү ажиллаж байна л гэсэн үг.

- Боловсролтойн дээр урлаг, хөгжимд ойр хүн ерөнхийдөө төгс төгөлдөрт дөхнө гэвэл?

- Ер нь тэр зүг рүү л чиг гарч байгаа нь тэр. Хөгжмийн боловсрол гэдэг өргөн ойлголт, хоёр янз. Хөгжмийн мэргэжлийн боловсрол гэж байна. Мөн иргэний боловсрол гэж бий. Мэргэжлийн боловсролыг олон жилийн тусгай сургалтаар олго­дог. Хөгжмийн сургалтын бүх шатны байгууллагууд энэ талд ажил­ладаг. Харин хөгжмийн иргэний боловсролыг системтэйгээр олгох орчин манайд алга. Хүмүүс хүүх­дүүдээ хөгжмийн боловсролтой болгож өсгөх талаар санаа тавьдаг болсон нь сайн. Гэхдээ Бетховен хэдэн симфони бичсэн, Моцарт хэд насалсныг цээжээр хэлэх зэрэг нь хөгжмийн боловсролтой болж байгаагийн шалгуур биш юм. Хүн гээч дээд зохион байгуу­лалттай амьтан сонсох мэдрэхүйгээ хэр зэрэг ашиглаж чадаж байгаа тухай асуудал юм. Хүн юмыг амталж, үнэрлэж, харж мэдэрч таашаал авдаг, хэрэглэдэг биз дээ. Яг л түүн шиг сонсож таашаан мэдэрч оюунаа цэнэглэн хөгжүүлэх, улмаар амьдралаа хөглөхөд ашиглах тухай асуудал.

-Хүмүүс хөгжмийн боловс­ролтой болох, ялангуяа хүүх­дүүдээ боловсролтой бол­гохын тулд яах ёстой, юунаас эхлэх вэ?

- Хөгжмийн аливаа бүтээл сайн, муу байгааг ялгах чадвар­тай болж байгаа бол нэлээд боловсорч байгаа нь тэр л дээ. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд Бүтэд, Жавзандулам, Уртнасан гэсэн дуучид дуулахад хэн нь ямар дуулав, юугаараа ялгаатай, онцгой байв гэдгийг харьцуулж дүгнэж чадаж, өөрөөр хэлбэл аль нь таны таашаал авах хэрэгцээг хангаж байгааг тодорхойлж чадаж байвал тэр хөгжмийн чамгүй боловсролтой хүн. Сонсох эрхтэнээ ашиглаж, сэтгэл зүрхээ чагнаж буй хэрэг.

- Тэгвэл анхны алхам нь?

- Хөгжим бол бэлэн биш бүтээгдэхүүн юм. Яг л гурил шиг. Шууд хэрэглэж болохгүй. Зуурч, нухаж, хэрчиж байж болгож иднэ ээ дээ. Хүүхдээр гурил зууруулах хэрэгтэй. Усыг нь сайтар тааруулж зуурдаг болтол нь дахин дахин ажиллуулах хэрэгтэй. Хөгжмийн зөв эгшгэн дээр өөртөө таарсан эгшгүүдийг гаргаж чаддаг болтол нь гүрийлгэх. Хятад сайн тогооч нар гурилынхаа ширхгийг мэдэрч зуурч, нухаж, татаад нарийхан утас шиг болтол татаж сунгаж байдаг юм билээ. Яг л тэдэн шиг гурилын ширхгийг мэдэрдэг болтол нь ажиллуулбал уг нь хөгжмийг илүү мэдрэх юм.

- Гурил зууруулах гэдэг нь ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглуулж сургана гэсэн үг ээ дээ?

- Ээ дээ, яг. Төгөлдөр хуур, гитар ч гэдэг юм уу. Ямар ч зэмсэг байж болно. Хүн зовж, биеэр туулж байж илүү өөрийн болгодог. Мөн аль болох их сонсго, байнга үзүүл. Театрт очих болгондоо биш юм гэхэд аль болох залхууралгүй дагуулаад явж бай. Хүн нэг бүтээлийг олон удаа үзэж байж мөн чанарыг нь мэдэрдэг.

- Та түрүүн удирдахуйн ухаанд ч урлаг, хөгжмийн болов­с­рол нөлөөлнө гэж хэлсэн?

- Цэгцтэй, зөв мэргэн бодлого боловсруулахад логик, сэтгэх чадвар, өндөр зохион байгуулалт, сахилга бат, чадвар хэрэгтэй еэ дээ. Тэгвэл энэ бүхнийг хөгжим агуулж байдаг. Манай улстөрчид чухам ямар байдгийг мэдэхгүй юм. Английн захын лорд хийл хөгжим тоглодог шүү дээ. Хөгжмийн, хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс байдаг. Хошин шог гэхээр манайхны үзүүлээд байдаг шог огт биш юм шүү. Сэтгэлгээний, хөгжсөн тархины зугаа гэдэг талаас ойлгох хэрэгтэй.

- Японы хааны гэр бүлийн­хэн л гэхэд бүгд урлаг, хөгжмийг дээдэлдэг, бүгдээрээ л хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглодог нь ард түмний дунд соёл түгээх үлгэр жишээ болдог шиг санагдсан.

- Тэгэлгүй яах вэ

- Нээрээ манай улстөрчид хэцүү хүмүүс байдаг шүү. Морь мал л шүтнэ?

- Нэг хүн ярьж байсан юм. Манай дарга нарын нэгнээс нь гадаад хүн Монголд “Тоска” тогло­дог эсэхийг асуухад нь “Тоска тоглодог гэж мэдэхгүй юм байна. Харин Тоёота л олон явдгийг нь мэдэх юм байна” гэж хариулсан гэдэг. Уран сайхны боловсрол олж аваагүй лидерүүд хүмүүний харилцааны утга учрыг олох уу даа. Компанийн захирал мөнгө тарааж Их хуралд гарснаа улстөрч боллоо гэж бодвол эндүүрэл. Албан тушаал түүнийг улстөрч болгож байгаа болохоос биш, мэдлэг боловсрол, чадамж нь болгож буй хэрэг биш юм.

- Бидний хөндөж буй хүмүүс хөгжмийн боловсролтой байх нь хөгжлийн чухал элемент юм гэсэн санааг хөндөж олон нийтийн анхаарлыг ийш нь чиглүүлж байгаа маань хөнгөн, хийсвэр санаа, сэдэв биш гэдгийг танаар батлуулсандаа сэтгэл хангалуун байна?

- Хөгжмийг мэдэрдэг, хэрэглэдэг байхад цаг хугацаа, орон зайн мэдрэмж, баримжаа-тай байна аа л гэсэн үг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн баримжаа, төсөө­лөл бол хөгжим.

- Дунд сургуульд хүүх­дүүдэд хөгжмийн боловсрол олгох сайн хөтөлбөр хэрэгтэй санагдах юм. Танд хувилбар байхгүй юу?

- Бэлэн юм алга. Харин энэ чиглэлийн мэргэжилтнүүд, байгуул­лагууд хамтарч зөвлөлдөж хэлэлцээд яах тухай асуувал би дуртайяа хүч нэмнэ.