Дуу, хөгжим бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ

Хүмүүс заримдаа аливаа зүйлийг хийж бүтээх эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд хөгжим сонсдог. Гэхдээ бүтээлч байдалд чанга эсвэл хэт аяархан хөгжим сөргөөр нөлөөлдөг аж. Харин гадаад орчны чимээ болон сонсч буй дууны дуугаралтын түвшин дунд зэрэг байх нь хамгийн тохиромжтой байдаг. Энэ нь дулааны хэм болон гэрэлтүүлэг хүмүүсийн сэтгэл зүй, үйл хөдлөл зэрэгт нөлөөлдөгтэй адил гэж ойлгож болох юм. Аливаа дуу, чимээний дуугаралт дунд зэргийн түвшинд байвал хүний тархины үйл явц эрчимждэг нь тогтоогджээ.

Сонгосон дуу, хөгжим тань зан төлвийн илэрхийлэл болдог

Үерхээд удаагүй байгаа хос бие биенийхээ сонсдог “Топ-10” дууны жагсаалтаас тухайн хүний зан чанарын талаар анхны мэдэгдэхүүнтэй болох боломжтой. Тухайлбал жазз хөгжмийн фенүүд өөртөө илүү итгэлтэй, бүтээлч, нийтэч байдаг бол сонгодог хөгжмийг таашаадаг хүмүүс бүрэг ичимхий хэдий ч аливаад хүлээцтэй ханддаг тайван хандлагатай байдаг аж. Тэгвэл регги хөгжимд дурлагсад ихэвчлэн өөртөө итгэлтэй, зөөлөн зан чанартай байдаг бол рок хөгжмийн шүтэн бишрэгчид эсрэгээрээ буюу өөртөө итгэх итгэл бага, нийтэч бус байх магадлал өндөр байдаг юм байна.

Хөгжмийн сургалтад хамрагдах нь сэтгэн бодох чадварыг илүү хөгжүүлдэг

Судалгаагаар гурав болон түүнээс дээш жил хөгжмийн сургалтад хамрагдсан хүний дуу чимээ ялган сонсох чадвар бусдынхаас илүү байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн хамгийн сонирхолтой нь хөгжмийн авьяастай хүн дүрс, хээний ялгаа болон адил тал, хоорондын холбоог ялгах чадвар нь илүү хөгжсөн байдаг аж. Тиймээс хүүхдийг бага наснаас нь хөгжмийн сургалтад явуулах нь сэтгэн бодох чадварт эерэг нөлөөтэй гэж судлаачид онцолж байна.

Хөгжим биеийн хүчний дасгалын үр дүнг нэмэгдүүлдэг

Хөгжим сонсч байх үедээ дугуй унаж буй хүмүүс чимээгүй орчинд байсантай харьцуулахад дугуйгаа илүү хурдан жийдэг байна. Учир нь бидний сонсч буй хөгжим тархинд ачаалж буй ядрах мэдрэмжийг саатуулдаг нь судалгаагаар батлагджээ. Гэхдээ хөгжим сонсонгоо дасгал хийх нь биеийн хүч их шаардсан дасгал хөдөлгөөний үед үр дүн багатай байдгийг анхаарах хэрэгтэй. 

Н.Алтан 

Холбоо барих: Altan.n@bloombergtvmongolia.com 

Tsatsralt.b@bloombergtvmongolia.com