Дэлхийн хөгжмийн нийслэл “Хийлийн хот” Гремона

Италийн умард нутагт Гремона гэж 70 мянган хүн амтай жижиг хот бий. Энэ хотод эрт цагт ромчууд бэхлэлтийн хэрэм байгуулж байжээ. Харин эдүгээ Гремона хийлийн урлалаараа дэлхийд алдартай. Олон зуун жилийн түүхийн ул мөр, эртний дүр төрхөө хадгалан үлдсэн Гремона хотод хийл хөгжмийн концертын зар, хийл урладаг газар, хийлийн баримал маш олон тааралддаг байна. XVI зуунаас өнөөг хүртэл олон арван алдартай хийл урлаачид төрсөн тул энэ нутгийг хийл хөгжмийн өлгий хэмээн үзэж, хэдэн зууны тэртээгээс Хийлийн хот гэж нэрлэсээр иржээ.

2012 онд Гремонагийн хийл хийх арга ухааныг ЮНЕСКО-гийн Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулж, 2013 онд орон нутгийн захиргаа, иргэний байгууллагын санхүүжилтээр хийлийн музей байгуулжээ.

Хийлийн музейд Андре Амати, Антонио Страдивари, Андре Гуарнери зэрэг хөгжмийн зэмсгийн алдартай урчуудын бүтээлийг тавьсан байна. Үзэгчид мультимедиа төхөөрөмж ашиглан хийл хөгжмийн үүсэл, хөгжил, үйлдвэрлэх үйл явц, дэлхий дахинд явагддаг хөгжмийн зэмсэг урлах уралдаантай танилцах боломжтой. Музейн концертын танхимд залуус өдөр бүр үнэт ховор хийлээр тоглож, 100 жилийн түүхтэй хийлийн гайхамшгийг мэдрүүлдэг байна.

Гремона хотын Хөгжмийн зэмсэг урлалын олон улсын сургууль 1938 онд байгуулагдсан. Тус сургуульд дэлхийн олон улсаас ирсэн оюутнууд хөгжмийн зэмсэг урлах эрдэмд суралцдаг байна. Хийлийг гараараа урлахад материал сонгохоос эхлээд банзаа зэрэгцүүлэн наах, нимгэлэх, хөгжмийн зэмсэг болгох зэрэг олон нарийн ажиллагаа орно. Нэг хийл хийхэд наад зах нь 200 гаруй цаг зарцуулдаг байна.

Үйлдвэрийн аргаар, автомат машинаар үйлдвэрлэх, олон урчууд шат дамжлагаар хурдан, бөөнөөр нь хийх нь асар ялгаатай. Тиймээс Хөгжмийн зэмсгийн үйлдвэрээс гарсан хийл болон шилдэг урлаачийн гараар бүтээсэн хувь хүний ур чадвар, онцлогийг шингээсэн хөгжмийн зэмсгийг харьцуулахын аргагүй гэж үздэг байна. Үүгээрээ хийл хөгжим манай морин хууртай адил. Үйлдвэрийн аргаар хийсэн мастер морин хуур, хувь хүний уламжлалт аргаар хийсэн морин хуурын дуугаралт эрс өөр байдаг гэдэг.

Хөгжмийн зэмсэг хийх урлах эрдмийг багшаас шавьд зааж сурган, үеийн үед уламжилдаг. Үүнийг машинаар орлуулах боломжгүй юм гэж Гремона хотынхон үздэг байна. Хэдэн зуун жилийн түүхтэй Гремона хот өнөөг хүртэл дэлхийн хөгжмийн зэмсэг урлалын төв гэгдсээр байгаагийн нууц энд байж ч мэднэ. Тус хотод хийл урладаг 150 гаруй цех байдаг ажээ.

Эх сурвалж: Eagle.mn